Бидэнтэй хамтран ажиллахыг хүсвэл энд дарж холбоо барина уу!

Update

Ойрд ажил ихтэй байлаа гэж өөрийгөө тайвшруулсаар нилээд хэсэг хугацаа өнгөрчээ. Цаашид тогтмол шинэчлэлтэй байна...


Random photos

I've just uploaded some random pictures I have taken recently.












Мод тарихуу эсвэл мод ургуулах уу?


Мод нь нүүрстөрөгчийг өөртөө шингээн фотосинтезийн аргаар хүчилтөрөгчийг биднийг унтаж байхад ч гэсэн үйлдвэрлэж байдаг. Мөн ургамал болон хүрээлэн байгаа орчны таатай байдлыг бий болгогч гол хүчин зүйл нь болж байдаг. Хүн болгон л энийг мэддэг байх. Тийм ч болохоор нийслэлийн энэ их утааг багасгах зорилгоор манай улсын иргэд мод тарьдаг. Утааны энэ асуудал нийгмийн нэг том бухимдал болсон учраас томоохон компаниуд нийгмийн хариуцлагын төлөвлөгөөндөө мод тарихаар тусгаж, түүнийгээ ч биелүүлдэг. Гэхдээ монголд модыг зохистойгоор тарьдаг хувь хүн болон албан байгууллага байна уу ? (байхгүй ч юм шиг)


Учир нь

1.Манай улсын иргэд модыг ургуулдаггүй зөвхөн тарьдаг. Тэд зүгээр л модны суулгацыг ухсан нүхэднээ булаад дээрээс нь 5 литр ус асгаад л болчихдог гэтэл мод маань зэрлэг биш учраас өөрөө өөрийгөө тэжээх нас хүртлээ олон жилийг үддэг. Энэ хугацаанд гаднаас ямар нэгэн дэмжлэг хэрэгтэй болдог. Юу вэ гэхээр нэгэнт л таримал учраас үүнийг арчилж байх хэн нэгэн хэрэгтэй гэсэн үг. Ингэж чаддагүй болохоор тэгж их сүр болж мод тарих хэрэг байна уу?

2. Манай улсын иргэд модыг нэмж тарьдаггүй харин ургаж байгаа газраас нь өөр газар суулгадаг. Модны суулгац тарьдаг албан байгууллагуудаас бусад бүх л модны суулгацын худалдаачид модыг хаа нэгтээгээс авч ирээд худалдаалдаг. Энийг нь манайхан мэдсээр байж худалдаж аваад дахиад өөр газар аваачиж суулгадаг байх юм. Учир нь модны суулгацын тариалан эрхэлдэг компаниудын суулгац нь үнэтэй, нөгөөдөх нь хямдхан байдаг учраас. Уг нь нэгэнт л тарих гэж байгаа юм бол үнэтэй ч гэсэн модны суулгацын компаниас суулгацыг нь худалдаж аваад шаардлагатай гэвэл зөвлөгөө өгдөг хүнтэй нь таривал, тэгээд бас ургуулвал зүгээрл байдаг байх. Гэхдээ яаая гэхэв монголын компаний нийгмийн хариуцлагын ойлголт нь ашиг олох л зорилготой байдаг болохоор нэг газар байгаа модыг нөгөө газар тарихаас яаая гэхэв.


Монголд мод тарьж байгаа хүмүүст уриалах нь

Модыг тариад зөнд нь хаях биш харин тэрнийг байнга тордож, арчилж байцгаая. Тэгвэл сая нэг мод ургуулсан нэртэй болох байх.


Мөнххүрэл, Оюуны өмч хуулиар хамгаалагдсан гэх нь хаашаа ч юм. Өөр газар байрлуулвал блогийн нэрийг дурдахыг гуйж байна.


Соёлын шок


Ардчилсан хувьсгалын ачаар монгол улсын иргэд гадаадын оронд зорчих эрх нээлттэй болсон. Энэ эрхийнхээ хүрээнд өнөөгийн залуус олон шалтгааны улмаас эх орныхоо дээсийг алхалж харийн орныг зорих болсон. Энэ болгонд тэдэнд ямар нэгэн байдлаар соёлын шок тохиолддог. Тэнд тохиолдож болох соёлын шокны талаар монголд байхад нь ойлгуулахын тулд зууч байгууллагууд "Orientation" хичээл орж түүнд дээрээ нилээд сайн тайлбарладаг.
Гэхдээ энэ нийтлэлийн хүрээнд монголоос гараад хөгжингүй оронд очиход үүсдэг соёлын шокны тухай биш харин хөгжингүй орноос монголд ирээд үүсдэг соёлын шокны тухай бичих гэсэн юм.

Нэгэн түүх
Америк хүмүүс харилцааны үед, тэр дотроо бизнес харилцааны үед чимээгүй байдал үүсгэхийг хүсдэггүй, чимээгүй байхаас аль болох зайлшийж байдаг. Жишээлбэл: Би англи хэлний багшаасаа өмнө нь бичиж байсан эссегээ авах гэж байгаа бол багш маань миний эссег хайж байх хоорондоо "Let me see, if i put your essay here in my safe" гэх мэтчилэнгээр харилцагчтайгаа ярьж л байдаг. Нэг ёсондоо чимээгүй байдал бий болгоно гэдэг маань ёс суртахуунгүй, дээрээс нь харилцагчдаа хүндлэл үзүүлээгүй мэт байдал бий болгох учраас англи хэлний багш эссег минь хайж байх хоорондоо хүртэл надтай яриа өрнүүлж байсан гэсэн үг. Америкчууд ч яриа хүмүүс шиг гэсэн бодол хүн болгонд төрдөг байх гэхдээ тэд чимээгүй байдал харилцааг эвддэг гол хүчин зүйл болдог гэдгийг сайн ойлгодог учраас л тэгж их ярьдаг юм. Тэр нь ч их үр дүнтэй байдаг.

Харин монголд

Түүх давтаггдаг гэдэг шиг яг дээрхтэй ижил зүйл монголд болсон юм. Би aнгли хэлнийхээ багшаасаа өмнө нь бичиж байсан эссегээ авъя гэж хэлэнгүүт англи хэлний багш юм ч ярихгүй, аль эсвэл сонсоогүй ч юм шиг дэмий гөлрөнгөө, нэг урт амьсгаа аваад шүүгээгээ уудлаж эхэллээ. Америкд тодорхой хугацаанд байсан, тэндхийн соёлд дасчихсан байсан болохоор би дотроо "Багш хайж байгаа бол - за одоохон шүүгээндээ үзээд орхъё ч гэдэг юмуу ямар нэгэн юм ярих ёстой. Багш миний хэлснийг сонссонгүй " гэж бодоод дахиад,
-Багшаа би, нөгөө, англи хэлнийхээ өмнө бичиж байсан эссег авах гэсэн юм гэтэл
-Яасан ярьшигтай юм бэ? Тэр эссег чинь хайж л байна шт. Сохор юм уу ? Хаашаа юм, гэсэн "гоё" хариулт өгч байсан юм.

Товчхондоо

Америк хүмүүс харилцан ярилцагчаа хүндэлж чимээгүй байдал бий болохоос аль болох зайлсхийж байдаг соёлтой бол монголд эсрэгээрээ чимээгүй байдал үүсгэх нь тааламжтай байдаг юм шиг байгаа юм. Эндээс л монголд болсон соёлын шокууд маань эхэлсэн юм даа.

Тодруулга

Жишээ баримт болгон татсан зүйлсүүд маань бүгд үнэн бөгөөд бүгд миний өөрийн хувийн үзэл бодол юм шүү. Түүнээс гадна монголчууд бид асар хурдацтайгаар даяарчлагдаж байгаа дэлхийтэйгээ хөл нийлүүлэн алхахын тулд дээрхтэй адил зан суртахуунуудыг аль болох гаргахгүй байж, харилцааны соёл дээрээ анхаарах хэрэгтэй болоод байна.


"Глобал удирдагч” сангийн тэргүүн Б. Отгонбат: Ёс суртахуун, зарчимтай байх нь маш чухал

- Гадаадад сурахыг хүсэгчдэд хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд туслаж байгаа, нөгөө талаар Америкт сурах боломжийн талаарх мэдээллийг бусдад өгч байгаа гэдэг утгаар таныг нэвтрүүлэгтээ урьсан юм?

- Өөрчлөгдөн хувьсаж байгаа даяарчлалын нийгэмд өрсөлдөх чадвартай залуусыг боловсруулж бэлдэх зорилгоор ТББ байгуулсан. 2005 оноос хойш 210 гаруй оюутныг АНУ-д сургаж байгаа. Америкт суралцаж байхдаа тэтгэлгээр сурч байсан болохоор энэ гарцыг монголын залуустаа нээх санаагаа ажил хэрэг болгосон маань энэ л дээ. Хэлээ сайн сураад, өөрийгөө сайн хөгжүүлж чадах юм бол монгол оюутнуудын хувьд боломж маш их бий. Жишээ нь, АНУ-д 5000 гаруй их дээд сургууль бий. Залуус очоод юу сурах вэ, ирээд юу хийхээ сайн илэрхийлж чадах юм бол төлбөргүйгээр гадаадад сурах боломж бий. Өөрийнхөө мөнгөөр сурснаас үхсэн нь дээр гэж би номондоо бичсэн байгаа/инээв/, хүний мөнгөөр сурах боломж байгаа гэсэн санаа л даа. Боловсролтой байж гэмээнэ дэлхийн аль ч оронд байсан өрсөлдөх чадвартай мэргэжилтэн болж, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх юм. Тийм ирээдүйг цогцлуулж байж бид ядуурлаас гарна. Хүн нь баялаг бүтээх чадвартай байж улс орноо хөгжүүлнэ. Хөгжлийн гарцыг бид оюунлаг монголын ирээдүйгээс хайж байна.


Work & Travel


Энэ жил Глобал Удирдагч Сангийн шугамаар нийт 157 оюутан Америкт зуныхаа амралтаараа ажиллаж аялахаар болжээ. Энэ баасан гарагт буюу 4 сарын 30-ны өдөр Глобал Удирдагч Сургуулийн шинэ байранд 12 цагаас Үдэлтийн арга хэмжээ болох ба энэхүү арга хэмжээний үеээр Америкт очиж хэрхэн хурдтай дасан зохицох, юуг анхаарах, соёлын шок гэж юу болох гэх мэтийн чиглүүлэх сургалт явуулах юм байна. За тэгээд мэдээж сургалтаа тараад бяцхан хэмжээний үдэшлэг болох нь тодорхой. Тэрхүү үдэшлэгээ МАX клубт хийхээр төлөвлөөд байгаа юм байна.

Зуныхаа амралтаараа Америкт очиж ажиллаад аялаад ирэх нийт оюутнууддаа бүгдэнд нь амжилт хүсье. =D


Cultural Sharing @ Park University

Өнгөрсөн 23нд Парк их сургууль дээр Монголчууд маань нэгэн томоохон арга хэмжээг маш амжилттайгаар зохион байгуулжээ. Энэ нь Монголынхоо соёлыг сургууль дээрээ сурталчилсан гайхамшигтай үйл явдал юм. Тэд бүжиглэн дуулж, жүжиглэн тоглож, урлагийн хүмүүс шиг л тайзнаа тоглоцгоосон нь бахархууштай...

Дөнгөж сая Номиотой харилцлаа. "Ууг нь их амжилттай болсон даан ч би өөрөө зөндөө алдсандаа их харамсаж байна. Тэр бүгддээ найзуудаасаа хүлцэл өчье" гэж хэллээ. Ямартай ч амжилттай сайхан болж өнгөрсөн энэ үйл ажиллагаанаас авсан зурагнууд бичлэгүүдийг нь өнөөдөр та бүхэндээ хүргэж байна.

Таалан соёрхоно уу.

Хэтэрхий их зураг байгаа болохоор блогтоо оруулахаас залхуураад Майк гэдэг залуугийн авсан зурагнуудынх нь холбоосыг нь тавьчихлаа.

Энд дарж зургийн албомруу нь орно уу

Видео бичлэгүүдийг нь оруулах гэсэн боловч одоогоор олон нийтэд үзүүлэх боломжгүй байгаа тул удахгүй youtube дээр тавигдахаар нь олноороо үзэцгээе...

Харин дараах бичвэр тэдний тоглолтынх нь зохиол. Их сонихролтой юм байна. Парк их сургуулийн вебсайт дээр бичлэг нь бүрэн эхээрээ тавигдаж магад гэсэн. Хэрвээ тавигдвал блогтоо тэр дариуд нь тавьж та бүгдэд хүргэхээ амлъя.
Mongolian Cultural Sharing Day


"Freestyler" Dulguun Dash-Ochir

Өнөөдөр өглөө "Facebook"-ээ шалгаж байтал манай танил Дөлгөөнөө өөрийнхөө найзуудтайгаа бүжиглэж байгаа видео оруулсан байлаа. Тэгэхээр нь тэр видеог нь та бүгдтэй хуваалцах санаатай түүнээс зөвшөөрөл авсны үндсэн дээр блогтоо нийтэллээ.
2:40'-с Дөлгөөнөө бүжиглэж эхлэнэ.


Дөлгөөнөө одоогоор Saint Cloud State University-д сурч байгаа ба хажуугаар нь breakdancing club-д явж байгаа юм байна. Дараа түүнтэй мессенжэрт таарангаа илүү дэлгэрэнгүй мэдээлэл авнаа.


Сонирхуулахад...

Глобал Удирдагч Сангийн шугамаар явж байсан оюутнуудын талаар дараах мэдээллүүдийг оллоо. Сонирхолтой л юм. Одоо тэд хаагуур юу хийцгээгээд явж байгаа юм бол?

Энэ холбоосонд Кампбелсвилийн Их сургуулийн 2007 оны 6 сард гаргаж байсан сэтгүүл байна. 20, 21-р хуудсанд нь Монгол оюутнуудын талаар мэдээлэл гарсан байгаа.
Click here

Дараах 2 линкэнд Глобал Удирдагч Сангаас гаргаж байсан хамгийн анхны брошур байна. Сонирхоод үзээрэй.

English Version

Mongolian Version


What's happening @ OJC?

Өнөөдөр Отерогийн оюутан Ганбаатай мессенжэрт таарангаа сонин хачин сонслоо. Ирэх сарын буюу 5 сарын 1-нд "Отеро Жуниор Коллеж"-ийн энэ жилийн төгсөлт болох гэж байгаа юм байна. Энэ семестерийн байдлаар Отерод 12 Монгол оюутан суралцаж байгаагаас 4 нь энэхүү төгсөлтөнд оролцох болжээ. Алтансүх, Чимгээ, Амараа, Цацрал нартаа цаашдын боловсролд нь амжилт хүсье.

Бас нэг сонин гэвэл 2 семестер дарааллан голч нь 4.0-той суралцсан Очирмөнх 4 сарын 8-ны өдөр "International Fund Scholarship" тэтгэлэг авсан байна. За одоогоор нэг иймэрхүү л сонинтой. Удахгүй төгсөлтөөс нь хийсэн сурвалжлагаа хүргэхээ амлъя.


Good morning, UB!

Өглөө ажилдаа явах замдаа хэдэн зураг дарлаа. Автобусаар ажилдаа явдаг миний хувьд өглөөний 30мин дээрээс нь гэртээ харих 1 цагийг нэмээд нийтдээ 90 минутыг зүгээр л нийтийн тээвэрт өнгөрөөж байна даа. 10хан минут ч гэсэн үнэ цэнэтэй энэ үед ерөнхийлөгч тэргүүтэй хэдэн нөхөд замын хөдөлгөөн хорин зогсоох нь бухимдмаар ч юм шиг. Нэг бодлын засгийн газраа "Xар Xорин" руу нүүлэгчихвэл дээр ч юм шиг. Хөдөө нутагт хөдөлгөөнд нь хэн саад болох вэ дээ? Сайхан тухалж аваад улсын явдлаа хэлэлцвэл тэдэнд төдийгүй бидэнд ч их амар байхсан. Дараах зурагнуудад тайлбар өгсөнгүй. Ер нь сайн харвал их олон зүйлс харагдана шүү. Нэг далий шон бий, тиймэрхүү шон нийслэлийн гудмаар дүүрэн гээд бодоорой!

Зун болж цэцэг ногоо дэлгэрэхийн цагт нийслэлийн маань өнгө төрх улирлаа даган сайжрах байхдаа...





























Шинэ байр

Глобал Удирдагч Дээд Cургууль шинэ байрандаа орлоо. Яг өнөөдрийн байдлаар 100% ашиглалтанд ороогүй байгаа хэдий ч ангиуд нь эхнээсээ хичээллээд үйл ажиллагаа нь эхлэж байна. Дараа очихдоо зургийг нь аваад та бүгдэд үзүүлнээ.

Хаягийг нь нарийн сайн хэлж чадахгүй ч гэлээ "Монголчлоод" хэлэх юм бол: Хүнсний 4р дэлгүүрээс хойшоогоо чигээрээ яваад "Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Дээд Сургууль"-н хажуугаар баруун эргээд чигээрээ явж байгаад эхний уулзвараар зүүн эргээд чигээрээ хойшоогоо явж байтал улаан тоосгон /гаднах засал нь арай орж амжаагүй байгаа/ 5 давхар байр бий. За тэгээд хайж олохыг хүсэж байвал "Гүүглэ"-дэнэ биз. Гүүглийн газрын зурганд өнөөдөр байршлыг нь заагаад оруулчихлаа. Удахгүй хэрэглэгчдэд харагддаг болно байх гэж найдаж байна.


Photo News

Хотын гудмаар явж байхад зөндөө сонирхолтой, инээдтэй, аймаар дүр төрх харагддагийг ажиглаад тэр бүгдийг зурганд буулгая гэж бодсны үр дүнд өнөөдөр хэдэн зураг орууллаа. Нэг өдөр хотын гудмаар явахад юу юу харагдаж байгаагаа гар утасныхаа камеранд буулгасныг минь сонирхоно уу.
/Зураг болгон дороо тайлбартай, зурган дээр дарж томруулан харж болно/


Өнгөрсөн бүтэн сайн өдөр өдөржингөө Улаанбаатар хотоороо ажилтай явлаа. Хавар болж байгаа болохоор нийслэлийн маань өнгө төрх нэг л гундуу харагдана...

Тайлбар: Оффисынхоо цонхоор дарсан шинэ Улаанбаатарын зураг. Удирдлагын Академи болон Оргил рашаан сувилалын орчим. 
Тайлбар: Оффисынхоо цонхоор дарсан шинэ Улаанбаатарын зураг. Удирдлагын Академи болон Оргил рашаан сувилалын орчим. Цаана нь Богд уул сүртэй харагдаж байгаа биздээ!
Тайлбар: Замын тэмдэглэгээгүй зам гэдэг чинь энэ дээ. Ууг нь энэ зам 2 урсгалтай зам л даа. Гэхдээ энд ганц ч тасархай шугам байхгүй. Их засаг их сургуулиас Шар хадруу явах зам.
Тайлбар: Энэ орчмыг Цайз гэнэ. Энд түлээ түлшний материал болох нүүрс, мод тэргүүтэй зүйлс зардаг. Морин тэрэг, портер гээд л жижиг машинууд худалдан авагч нарт үйлчлэх гээд дугаарлан зогсон харагдах нь Монголчууд маань морин тэргэндээ хайртай улс юм гэмээр...
Тайлбар: Надад үйлчилж байсан таксины жолооч ах болон түүний таксины салон нь. Улаанбаатарт өнөөдрийн байдлаар 1км замыг 500 төгрөгөөр бодож таксинууд үйлчилгээнд явж байна.
Тайлбар: Дэлгүүрийн цонхноос энэ залууг дарлаа. Халамцуу бас билэг танхай Монгол залуу нэг иймэрхүү байдалтай л морь хардаг юм байна, Улаанбаатарт. 
Тайлбар: Гудамжны нэрийг нь хайгаад олсонгүй. 25р эмийн сангаас Өргөө кино театрлуу өгсөж гарч ирээд огтолцож буй 2 зам. Өглөө эртхэн байсан болохоор машин бага харагдаж байгаа юм. Яг эд ачаалалтай үед бол битүү түгжирдэг замуудын нэг.
Тайлбар: За тэгээд өмнөх байрлалаасаа урагшаагаа хараад дарсан зураг. 25р эмийн санруу урууддаг зам болон Богд уул. Машинаа бариад энэ замаар Богд уулаа хараад уруудаж байна гээд төсөөлдөө. Сайхан биш гэж үү?
Тайлбар: Монголд Адидасын албан ёсны дэлгүүр байна. Гайхалтай биш гэж үү? Жоохон үнэтэй л юм байна лээ. Гэхдээ л чанартай оргиналь бараа энд зарагдаж байна гэдэг нь сайхан.
Тайлбар: Автобус болон Микробусны буудал. Нөгөө нэг айхтар хэдэн орилдог гарууд чинь энэ дээ. Сайн ажиглавал эд бүгд гарцан дээр зогсож байгааг та харна. Замын хөдөлгөөний дүрэм микробусны жолооч нарт үйлчилдэггүй нь хачирхалтай.
Тайлбар: Хуучнаар Од кино театрын өмнө, одоогоор Христийн сүм. Энд "гудамжны" гэх тодотголтой хүмүүс цугласан буйг та харж байгаа биз. Эд бүтэн сайн өдөр бүр сүмд цуглан Есүсээс аврал эрэнгээ үнэгүй хоол идэж сайн цадаж аваад явцгаадаг улс. Тэдний хувьд сүм гэж сайхан газар болжээ. Сүүлийн үеийн статистик мэдээгээр Монголд Христийн 90 сүм тэмдэглэгдээд байгаа юм байна. Харин манайхны дийлэнх нь шүтдэг гэх Буддын шашны сүм хийд 64 байна гэнэ.
Тайлбар:  Оффисын цонхоор. Нар үүлэн цаагуур ороод байхад нь дарсан юм. Шинэ Улаанбаатарын баригдаж буй барилга. Сайн харвал цаана нь үйлдвэрийн яндан утаагаа баагуулж байгаа нь харагдана. 

Энэ удаагийн сурвалжлага нэг иймэрхүү. Хавар болохоор хот маань их бараан харагдаж байгаа биз. Зун болоод ирэхээр өнгөлөг болоод ирнээ.


Update on "Cultural Exchange: Mongolia"

Парк Их сургууль дээр Монголын Соёлыг сурталчилж буй үйл ажиллагааны талаар өнөөдөр Номиотой мессенжерт таарангаа хэсэгхэн хугацаанд ярилцлаа. Гэхдээ ярилцлага маягаар энд нийтэлж би арай л чадахгүй юм шиг байна. Тиймээс миний энгийн үгсээр бичигдэн оров.

2010 оны хаврын семестрийн байдлаар нийт 28 Монгол оюутан Глобал Удирдагч Сангийн шугамаар Парк Их сургуульд суралцаж байна гэсэн статистик гарсан байна. Өнөөдөр тэд бүгд "Монголоо сурталчлах соёлын солилцоо"-ны үйл ажиллагаанд гар бие оролцож байгаа бөгөөд тус тусын үүрэг даалгавар аваад тэрэндээ шамдан орцгоогоод их л завгүй байгаа сурагтай.

Тэдний төлөвлөгөөнд дуу, бүжиг, presentation, Монгол хоол, мөн уран нугаралт орж байгаа юм байна. Уран нугараачаар Дөлгөөн гэх Денверт амьдардаг охиныг урин авчирч байгаа бөгөөд дуу бүжгээ харин өөрсдөө бэлдэн хажуугаар нь үлдсэн хэд нь хоолоо хийн тайзаа засаж байгаа нь тэдний хувьд энэ их хичээлийн хажуугаар нилээн их ачаалал болж байгаа бололтой.

Номио маань ядраад энэнээс ихийг ярьж ч чадсангүй. Ойрд дутуу нойртой хонож байгаа гэнэ. За тэгээд ингэж их хичээсний үр дүн нь сайн гарах нь тодорхой бизээ. Бүгдэнд нь дахин амжилт хүсье.


Өнөөдөр 4 сарын 5, бид нэгдсээр байна...

Facebook групп-д маань одоогийн байдлаар 64 гишүүн элсэн орсон байна. Олуулаа болж байгааг харах ямар сайхан байна гээч. Монголчууд маань ингэж нэгдэж байж л хүчтэй болно шүү дээ. Бид олуулаа болох тусмаа ихийг хийх чадалтай, нийгэмдээ нөлөөлөх хүчтэй болох тул та бүгд найзууддаа цааш нь дамжуулж байгаарай.

жич: Одоо дахиад 12 нэгдчихвэл 76 гишүүнтэй боллоо шүү! Өнөөдөр УИX-г тараах айхтар том жагсаал болж байгаа. Тарангуутал нь оронд нь ороод хэдүүлээ суучихъя. Болно биздээ?
=D /мэдээж хошигнол.../

Your country needs you!


Устсан бичлэг

Би хэдхэн минутын өмнө блогтоо бичлэг оруулахаар баахан юм бичээд, түүнийгээ "Соёлын шок - 2" гэж гарчиглаад дуусгачихаад сууж байтал хэлж ирдэггүй техникийн саатлаас болоод бичсэн бүх зүйлс маань ул мөргүй устчихжээ.

Ууг нь доторх агуулга нь Монголд эргэж ирээд хэрхэн шоконд орсон талаар байсан юм. Товчхондоо гэвэл Америкт удаан байсан минь Монголоос нилээд хөндийрүүлсэн байсныг жишээтэйгээр гаргаж тавьсан утгатай. Иимээс ч өнөөдөр өндөр хөгжилтэй улсад удаан хугацаагаар амьдарсан Монголчууд маань эргэж ирчихээд хурдхан буцах юмсан гэж ярих нь арга ч үгүй юм уу даа гэсэн дүгнэлтэнд хүрсэн бичлэг байлаа.

Сиймхий ч гэсэн гэр минь гэж...

За нэг иймэрхүү л юм байсан юм. Дэлгэрэнгүйг тэгж байгаад бичэмц.


Ulaanbaatar, Mongolia

Өнгөрсөн өдрүүдэд ажил ихтэй байлаа. Ойрдоо бас цаг агаар таагүй байна. Монголд хавар ингэж болдгийг бараг л мартчихаж. Гэхдээ энэ жил ер нь хавар болох шинжгүй жил байх шиг байна.
Хаврын урь орж байгаа болоод ч тэр үү, Монголоор дүүрэн л сенсаац... энд газар хөдлөнө, тэнд жагсаал болно гээд л... Ихэнх Монголчууд маань нөгөөдүүлдээ тэгээд итгэцгээх юм. Геологийн хичээл дээр газар хөдлөлтийг урьдаас тооцоолж мэдэх үр дүнтэй арга үгүй билээ гэж үзсэн юм. Тэгтэл манай Монголчууд маань мэдээд, тэрнээсээ өөрсдөө айн байрнаасаа гарч гүйлдэцгээх юм. Монголчууд минь дээ, мэдлэггүй гэдгээ харуулаад байна уу эсвэл сүсэг бишрэл нь хэт ихэдсэндээ итгээд байна уу? Мэдэхгүй юмдаа.

За энэ ч яахав. Монголд байгаа хүний хувьд та бүгддээ өөрт ажиглагдаж буй зүйлсээ хуваалцъя гэж бодлоо. Ирээд бүтэн нэг жил боллоо. Одоо л амьдралын хэв маягаа олох гэж байна. Ажил хийж байна. Компьютерийнхээ ард суугаад блогтоо бичлэг оруулж байна. Оффисийнхоо цонхоор харлаа. Их бүтээн байгуулалт явагдаж байна. Шинэ Улаанбаатар баригдаж байна. Зайсангийн энэ хавиар битүү барилга. Америк хэв маягийн хаусуудаас эхлээд өндөр өндөр орон сууцууд метр квадрат нь $1200-c эхлээд л зарагдаж байна даа.

Хүмүүс алхаж байна. Машин явж байна. Хамгийн инээдтэй нь зам нь хэвээрээ л байна. Өглөө ажилдаа явах гэж Энхтайвны гүүрэн дээр түгжирнэ. Орой ажлаасаа гараад харих гэж бас л тэнд түгжирнэ. Гэхдээ саяхан Японы Жайка-с Монголд замын төсөл орж ирсэн. Тэр нь Баруун 4 замаас урагшаагаа Цагаан хаалга хүртэлх гүүрэн зам тавих ажил юм. Тэдний тооцоолж байгаагаар бол 2013 он гэхэд бүрэн ашиглалтанд орно гэсэн. Тэгснээрээ Гурвалжингийн гүүр болон Энхтайваны гүүрний ачааллыг багасгана гэж мэрэгжилтнүүд үзэж байгаа гэсэн. Амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэж байна. Өнгөрсөн зун төв зам болон зуун айлын замын засварын ажлыг хийсэн. 2 долоо хоног л сайхан зам дээр явах шивдээ. Одоо эхнээсээ зам нь эмтрээд, эвдрээд, хагараад эхэлчихсэн. За их хотын бүтээн байгуулалтын хувьд нэг иймэрхүү дүр зурагтай.

Харин хүмүүсийнх нь соёлын хувьд их сонин юм. Хөдөөний соёлоос хотын соёлдоо хараахан шилжиж амжаагүй нь алхам тутамд илт харагдана. Малаа дагаад мал болчихсон ч юм шиг. Заавал хүнээр хариулуулан байж сүүлд нь идэш болдог хонь ямаагаа дагаад хүмүүс нь хүртэл хариулуулдаг болчихсон уу даа. Замын голд цагдаа ах зогсохгүй л бол жолооч нар улаан гэрлээр ч гэсэн гараад л явчихна. Эгнээ, зогс шугам, тасархай зураас энээ тэрээ тэмдэг цагдаа ахыг хараагүй л бол барагтаа үйлчлэхгүй. Ууг нь машинууд нь улаан гэрлээр дайраад байдаггүй болчихвол түгжрэл мэдэгдэхүйц хэмжээгээр багасна гэсэн судалгаа гарсан. За тэгээд автобуснууд нь байнга дүрмээ зөрчинө. Ууг нь жолоочийнх нь урд шилэн дээр зогсоолдоо хэрхэн яаж зогсохыг нь зурагт үзүүлээд заагаад өгчихсөн байхад байнга тэрнийгээ зөрчинө. Зорчигч би хүртэл хараад ойлгож байхад тэр жолооч нар нь цагдаа байгаа тохиолдолд л ойлгодог юм шиг байгаа юм. Бас болоогүй, микробуснаас байнга кондуктрууд нь чиглэлээ зарлан орлино, заримдаа автобуснаас ч гэсэн орилно. Ууг нь урд шилэн дээр нь томоос том, тодоос тод чиглэлээ биччихсэн байхад л нөгөөдөхөө давтан давтан орлино. Тэгэхгүй бол нөгөө автобус, микронд нь суух гэж байгаа зорчигчид маань буруу унаандаа суучихна шүү дээ. Сонин байгаа биз.

Бас нэг сонин зүйл. Гудамж болон өргөн чөлөөний нэр. За энэ хоёрыг байшингийн ханан дээрээс л олж харна. Ууг нь гудмаа л нэрлэмээр юм. Гэтэл хаа байсан хол байгаа байшингийн ханан дээр цэнхэр дээр цагаанаар Энхтайваны өргөн чөлөө гээд биччихсэн, тэр нь байраа нэрлэж байх шиг. Заримыг нь бүр хэн ч олж уншихааргүй газар хадчихсан байдаг юм билээ. Ууг нь хоёр замын огтолцол дээр Америкчуудынх шиг тавьчихсан бол хичнээн амар байхсан. Ядаж л зам заахдаа "Хүмүүнлэг өнгөрөөд жоохон явж байгаад дараагийн замаар нь баруун эргээд тэгээд чигээрээ явж байгаад Сар гэдэг дэлгүүр гарч ирэхээр нь тэргээр зүүн эргээд..." гэж төөрүүлэхгүй байхсан. Хотын засаг дарга нь энэ мэт жижиг сажиг зүйлсээ зохицуулчихаж болдоггүй л юм байхдаа. Санаагаар болдог бол би очоод ажлыг нь хийчихмээр болох юм.

За гэх мэтээр шүүмж бичээд байвал зөндөө байгаа. Тэгвэл хажуугаар нь сайн зүйлс юу байна вэ гэж та гайхаж байгаа байх. Би нэрлэх гээд хичээгээд үзье. Өнгөрсөн зун их үр өгөөжтэй төсөл хэрэгжиж өнгөрөв. Цаашид ч мөн хэрэгжинэ гэсэн. Тэр нь юу вэ гэвэл сургуулийн хөлбөмбөгийн талбай болон спорт талбайг дахин шинээр тохижуулах. Энэ ажлын хүрээнд Улаанбаатартаа хоёрхон байдаг байсан хөлбөмбөгийн ногоон талбай сургууль болгоны арын хашаанд харагдах болсон нь нэг талаасаа хүүхэд залуучуудын маань цагаа зөв боловсон өнгөрөөх орчныг нь бүрдүүлж өгсөн ба нөгөөтэйгүүр тэдний эрүүл мэндэд нь асар том хөрөнгө оруулалт болж өгсөн нь мэдээж. Ийм сайхан ажил нэг хийгдлээ. 



Харин хүн ардын хувьд нэг үеээ бодвол их соёлжиж байгаа бололтой. Хүмүүс чанаргүй бараа, хүнснээс татгалзаж эхэлж байгаа нь мэдрэгдэж буй боловч орлогынхоо түвшингээр яалт ч үгүй худалдан авалтаа хийж байгаа нь бас харамсалтай.

Монголд сайхан сайхан машин унасан хүмүүс зөндөө олон болжээ. Хотын өнгө үзэмж жил ирэх тусам л өнгөлөг болж байгаа. Тансаг бар, ресторанууд их болж байна. Түүгээр үйлчлүүлэгчид нь ч ихсэж байна. Том том брендүүд Монголд орж ирж байна. Тэндээс худалдан авалт хийж байгаа хүмүүсийн тоо ч ихсэж байгаа нь Монголыг өнөөдөр хөгжиж байна л гэж хэлэхээс өөр юу гэхэв дээ.

Мөн гадаадад суралцаад ирж буй оюутнууд байна. Нээрээ нэг юм мартах шахаж. Нөгөө айхтар авилгал, хээл хахууль гээч юм чинь цагийн эрхээр алга болж байгаа бололтой дог. Хүмүүс бас нэг үеээ бодвол тэр аймаар юмыг ойлгосон юм шиг санагдсан. Хамгийн наад захын жишээ татахад ажлын байрны тэмцэл. Энд хэн мөнгөтэй нь биш харин хэн чадвартай нь ажил хийж байна. Хүмүүс гадуур ажил олдохгүй байна, Монголд амьдрах хэцүү байна гээд л яриад байна. Яг үнэндээ бол сонингоор дүүрэн ажлын зар. Монголчууд маань өөрсдөө чадваргүйдээ ажилдаа гологдоод байна уу гэх хардлага надад төрсөн шүү. Тэрнээс биш гадаадад төгсөөд ирж байгаа оюутныг Монголын том том компаниуд булаацалдаад л авч байна. Гэхдээ магадгүй энд Монголын боловсрол олгох тэрхүү систем нь өөрөө алдаатай болохоор үүнд бурууг тохож болох ч оюутнуудын маань өөрсдийн ухамсарт бас алдаа бий болов уу...

Үргэлжлэл бий...


Cultural Sharing


Парк их сургуульд Монголчууд маань нэг сайхан арга хэмжээ зохиох гэж байгаа юм байна. Энэ талаар цаашид сурвалжлага явуулан дэлхийн өнцөг булан бүрт сууж байгаа найзууд та бүхэндээ дуулгах болно. Дээрх плакатнаас харахад их сонирхолтой юм болох шинжтэй. Бүр хорхой хүрээд болдог бол очоод үзмээр санагдаж байна шүү. Ямартай ч энэ зурган дээр Отеро Жуниор Коллежийн төгсөгч манай Номио байна.
Энэ дашрамд энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа Монголчууддаа өндрөөс өндөр амжилт хүсье!

За тэгээд бидэнтэй хамт байгаарай...


Соёлын шок

Гэрээсээ гараад хот орлоо, гэрээн би саналаа, хотоосоо шууд Америк тив рүү нислээ, эх орноон би саналаа... ингэж л миний түүх эхлэх юм шиг байна. Би Дархан хотын хүү. Дарханд төрж өссөн, бүхий л дурсамжууд минь тэнд. Улаанбаатар гэж их хотын амьдралтай ч танилцаж амжаагүй байж Америк гэх үсрэнгүй хөгжилтэй нийгэмрүү нисэн очсон минь энэ. Их хотын соёлтой танилцалгүйгээр өөр нийгэм, соёлтой танилцана гэдэг миний хувьд их том үсрэлт байсан юм.
Нуулгүй хэлэхэд би Буянт-Ухаагийн нисэх онгоцны буудал дээр очиход л шоконд орж эхэлсэн. Миний бодлоор соёлын шок нь хоёр нийгмийн амьдралын хэв маяг дахь ялгаа болон хүрээлэн буй орчны, өөрөөр хэлвэл эдэлж хэрэглэж буй эд зүйлсийн ялгаанаас бий болж буй гэнэтийн өөрчлөлт, түүнээс улбаалан хүний сэтгэл зүйд нөлөөлөх нөлөөллийг хэлж байна гэж боддог юм. Хэдийгээр миний сэтгэл зүйд нөлөөлж их шалиагүй ч гайхаж балмагдсан үеүүд их байсан шүү.
За тэгээд онгоцны буудал дээр очлоо. Хаалганд нь дөхөөд очтол өөрөө онгойж байсан нь кинон дээрээс харснаас биш биеээр мэдрээгүй үзэгдэл байсан юм. Ингээд л Дарханы хүү юм үзэж нүд тайлж эхэлсэн юмдаа. Цааш орлоо, онгоцны буудал гэж ямар том юм бэ, онгоцнууд нь яасан том юм бэ гэж бодсоор наанаа гаргахгүй ч дотроо бодон бодсоор явсан юм. Шууд нисээд Инчеоны олон улсын нисэх буудал дээр буутал за тэгээд ярих ч юм биш, хүний гараар ийм том зүйлийг яаж бүтээ вэ гэж шууд л шоконд орсон юм. Монголоо голох сэтгэл яг тэр үед гайхсан сэтгэгдэлтэй минь давхцан төрснөө нуух юун.
Тэнд бид бүтэн өдөржингөө онгоцоо хүлээсэн санагдаж байна. Бидний нэг гайхаж хуваалцсан яриа нь 00-н яриа байлаа. Амьдралдаа тийм тансаг 00-д орж үзээгүй хүүхдүүд бүгд их гайхсандаа бусадтайгаа хуваалцсан байх. Бие засчихаад усаа татах гэсэн чинь янз бүрийн кноп энээ тэрээ юм олдсонгүйд жаал эргэлдэж байгаад холдтол өөрөө усаа татсан нь бид хэдийг бүгдийг нь балмагдуулж орхисон хэрэг. За тэгээд тэр том онгоцны буудал дотор элдвийг үзэн явсаар сүүлдээ ядарч дуг хийгээд хийх юмаа олохгүй зураг зураад арай хийж нэг юм онгоцондоо суух цагтайгаа золгосон юмдаа.
Бид онгоцондоо суулаа, оройн хоолны цаг ч болж байсан юм. Оройн хоол гээд үйлчлэгч нь 2,3 сонголтоо хэлснээс аз болж ганц мэддэг нэг гарч ирсэнд баярласандаа тэрнийг нь идсэн юм. Яг одоо ямар хоол байсныг нь санахгүй байна. Ямартай ч амт нь надад таалагдаагүй ч өлсөж байсан болохоор идчихсэн юмдаа.
Шөнөжингөө ниссээр өглөө болоход Америкийн Нэгдсэн Улс дээгүүр нисэж байв. Дээрээс нь харахад энд тэнд дөрвөлжилсөн том талбай, хотруугаа ортол их замбараатай баригдсан байшин, замаа дагасан ногоон мод, цэвэрхэн гудамж талбай харагдаж байлаа.
Лос Анжелс хотын олон улсын нисэх онгоцны буудал дээр буутал бид хэдийн гайхсан гэж. Онгоцны буудал дотроо нэг гарцнаас нөгөөрүүү явахдаа автобусаар явдаг нь тэр онгоцны буудлыг ямар том болохыг нь хэлэх биз. Нэг хөгжилтэй явдал болсон нь манай нэг найз маань зам асуух гээд нэг хүнээс асуутал нөгөөдөх нь зам зааж өгчихөөд хандив хүссэнд мань хүн 20 доллар өгч байж салсан санагдаж байна. За ингэж л Америкт очсон юмдаа.
Тэнд очоод хамгийн түрүүнд нүдэнд туссан юм нь зүлэг, орчны тохижолт. Яг одоо Монголд яригдаад буй нөгөө ландшафт /land scaping/ чинь тэнд утгаараа хийгдчихсэн байдаг байгаа. Ер нь би боддог юм, хэрвээ Улаанбаатар хот маань ландшафтаа сайн хийчихсэн байхад их хотын шороо, утаа мэдэгдэхүйц хэмжээгээр багасна гэж боддог.
Цааш явлаа. Өмнө нь дурьдаж байсан бидний очсон жижиг хот, тэнд нэг сайхан парк байдаг. Үнэхээр гайхалтай. "La Junta City Park" Эндээс паркийн зургыг үзэж болно. Үзэж байхдаа та энэ бүгдийг хүн хийсэн гээд бодоод үзээрэй. Америкчууд адилхан л хүмүүс, Монголчууд ч гэсэн ийм юм хийж чадаж л таараа. Бидний очсон хот хэдий жижиг ч гэлээ холоос харахад хот биш ой гэж харагдахаар тийм их модтой. Тэр бүгдийг мэдээж хүн тарьсан. Бид шөнө ирсэн болохоор их зүйлтэй танилцаж чадаагүй. Харин өглөө нь сэрээд хартал, хашаан дотор хэрэм гүйлдээд, хашааны зүлгийг автомат усжуулалтын системээр усалж байсан нь намайг гайхшруулсан юм. Ингээд л хүрээлэн буй орчны шокноосоо гарч чадалгүй явсаар байсан юмдаа. Алхам тутамдаа шинэ зүйлтэй танилцаж байлаа.
За одоо хүмүүсийн амьдрал ахуйруу нь жоохон өнгийе. Ер нь Америкчууд хувийн байшинд амьдарцгаадаг улс юм байна. Их найрсаг, хөршүүддээ хайртай. Амьдарч буй орчноо хайрладаг, хамгаалдаг. Хогоо энд тэнд хамаагүй хаядаггүй, ер нь их тийм зарчимч шинжтэй юм шиг, гоё ч юм шиг, бас үгүй ч юм шиг их сонин улс.
Миний хамгийн тод санаж байгаа хамгийн эхэнд надад тохиолдсон ахуйн шок гэвэл би байсан айлынхаа гэрийн эзэгтэйтээ дэлгүүр явлаа. Гэтэл манай хүн хэрэмний хоол гээд гудманд явж байгаа өөрт нь огт хамаагүй хэрэмнүүдийг хооллох гээд шуудайтай хоол $50-р худалдан авсан нь намайг бүр ангайлгаж билээ. Төд удалгүй дараахан нь Дархаа бид 2 хувцсаа угаачихаад индүүдэх гэтэл гайхаад, та 2 хувцсаа индүүдэж чаддаг юм уу гэж асуусан нь бид 2-ыг гайхшруулаад, дээрээс нь инээд хүргэж байж билээ. Тэгсэн чинь харин ихэнх Америк эрчүүд хувцсаа индүүддэггүй юм байна л даа, хөөрхий. Ингэж бид 2 ч шоконд орж байсан айлынх маань ч шоконд орсон юмдаа.
Хоолны тал дээр их сонин. Америкчууд хоолондоо чихэрлэг амтлагч их хэрэглэдэг нь эхэндээ идэхэд хэцүү байсан ч сүүлдээ нөгөөдхөөс нь салахын аргагүй тийм гоё амтлаг болдог юм байна лээ. Яг Америк үндэсний хоол гэж байхгүй. За ер нь байлаа гэж бодоход хот дог /hot dog/ л ордог юм шиг байгаа юм. Арга ч үгүй дээ, хүний нутаг булаан эзэмшсэн улс юм хойно олон үндэстний холилдсон хоолнууд ихтэй л орон доо.
Нэг өдөр манай хичээл дээр, Аав ээжийгээ хөгширсөн хойно нь яах вэ гэдэг санал асуулга явууллаа. Гэтэл тэр ангид сууж байсан Монгол Мексик 2 л хөөрхий хажуудаа байлгаж асарч тордоно гэсэн юмдаа. Бусад нь асрамжийн газар аваачиж өгнө гэсэн нь Америк, Монголчуудын хоорондох ахмадаа хүндлэх сэтгэлгээний ялгааг гаргаж өгсөн соёлын хувьд их том хичээл болсон юмдаа.
Энэ мэтээр цааш яриад байвал дуусахгүй нь... Өнөөдөр энэ хүргээд өндөрлье. Соёлын шок гэдэг зүйлийг би ингэж л харсан юм. Гэхдээ энд зөндөө зүйл орхигдсон гэдгийг хэлье. Харин дараа дараагийн удаадаа аажуу тайвуу та бүгдэд сонин хачин болгож тэр бүгдийгээ өгүүлэмц.
Өнөөдрийн бичлэгээ зарим уншигчийн хүсэлтээр илүү урт болгоочээ гэснийг харгалзан үзэж аль болох ихийг бичихийг хичээлээ. Сүүлдээ бас ядардаг юм байна...


Facebook group

Залуусаа бид чинь 39-үүлээ болчихсон байна шүү дээ. "Facebook" групп ашиглан гишүүнээ бүртэгвэл илүү үр дүнтэй мэт санагдлаа. Та бүхэн доорх линкийг ашиглан манай группруу хандаарай.

Та эх орондоо хэрэгтэй байна!


Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэгчээр бид олуулаа болох тусам хүчтэй болж нийгэмдээ үйлчилж чаддаг болно гэсэн үг шүү.


Төмөр барс жил

Монгол түмний минь их баяр цагаан сар болж байна. Өнөөдөр шинийн гурваны өдөр. Цагаан сар дуусдаггүй харин сар хуучирдаг гэж ярьдаг. Миний хувьд хуучрах нь битгий хэл эхлэж л байх шиг байна. Дархан орж гэртээ харин сайхан шинэллээ. Айл хэсэн бууз идэж, цай уусаар ходоодны маань хэмжээ нилээд томорсон шинжтэй зүгээр суухаар бууз идмээр санагдаад байх юм. Гадаадад байгаа найзууддаа хэлэхэд айл хэсэж бууз идэх сайхан байсан шүү гээд нэг гайхуулчихъя. =D

Ингээд найзууддаа ирж буй тийн урвагч хэмээх төмөр барс жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж, юу санасан есөн хүслээ сэтгэгчлэн бүтээхийн өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлэхийн ялдамд сургуулиа амжилттай төгсөөд хийж буй ажилдаа өндрөөс өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.


Америкт нэг удаа /үргэлжлэл/

Өмнө нь бичсэнээ уншаад сууж байтал ерөөсөө амралт гээч юмаа дурьдаагүй байх юм. Энэ удаагийн түүхээ Америкт өнгөрүүлсэн амралтын дурсамжаар бөөндье гэж шийдлээ.
За ер нь бол Америкт очоод л амралт эхэлсэн гэж хэлж болно доо. Бид хэд хичээл эхлэхээс 7 хоногийн өмнө очицгоосон. Бүгд л шоконд орцгоосон, сэтгэл нь хөөрсөн байдалтай байлаа...
Эхний семестер би юугаа ч мэдэхгүй 16 кредит аваад.
Тэгсэн ерөөсөө л 7 хоногийн 4 өдөрт нь хичээлтэй болж хувирав. За бараг л 3 өдөр гэж хэлж болно доо. Учир нь 4 дөх өдөр өглөө 11-с л ганц хичээлтэй байсан юм. Үлдсэн цагт нь Америк гэдэг оронтой жижигхэн хотын төлөөллөөр нь танилцаад, хажуугаар нь нийгмийн ажилд оролцоод, бас зүгээргүй дэлгүүр хэсээд жинхэнэ амралтын газар байгаа юм шиг л байсан даа. Ямар сайндаа анх явсан залуучууд маань хоорондоо ярилцаж сууж байгаад "Pеалити Шоу"-нд оролцож байгаа юм биш биз гэж ярьж байсан санагдаж байна. Хагас бүтэн сайнаар бид бөөнөөрөө парк-д цуглаад хөлбөмбөг тоглонгоо тахиан мах идэж цагийг хөгжилтэй өнгөрөөдөг байлаа.

Ингэж явсаар эхний семестер дуусаж өвлийн амралттай золгов. Би Дархаа, Ёндон гээд 2 найзтайгаа Денвер хотод очиж амарсан юм. Гурвуулаа нэг нэг том цүнх чирчихсэн, хажуугаар нь үүргэвч үүрчихсэн яг нэг жуулчид шиг л явцгааж билээ. Одоо бодоод байхад бид 3 яг юунд найдаж, юу хийнэ гэж Денверийг зорьсоноо одоо хүртэл би бодоод олдоггүй юм. Хамгийн тод санаж байгаа юм нь бид 3 Денверт оччихоод автобусны буудал дээр өдөржингөө сууцгааж байснаа л санаж байна. Тэр өдөр Байка ах ирээгүй байсан бол бид 3 яг яах байсан юм бол бүү мэд. Бид 3 бараг 7 хоног тэднийд байрласан юм. Ээжийнх нь хийсэн хоолыг идээд гэрт нь үнэгүй байрлаад их хүндрүүлсэн дээ. Байка ах тэр үед бүтэн сайн өдөр сүмд явдаг, пастор байлаа. Бид 3 дагаад л явна. Очоод номлол сонсонгоо, Монголчуудтай танилцаад, дуулж хуурдаад, биллъярд тоглож сэтгэлээ баясгаад сайхан монгол хоол идэж ходоодоо баясгаад явдаг байлаа. Эхний очсон өдрөө Байка ах бид 3-г цугласан олонд танилцуулаад бидэнд нэг сар байрлах байр хэрэгтэй байгааг минь дамжуулж өгсөн юм. Нэг их удалгүй бид 3 тусдаа гарлаа. Нэг айлын жижиг өрөөнд ганцхан лаптоптой, 56к хурдтай интернэттэй, 3 sleeping bags-тай /дотор нь ороод унтчихдаг аяны хөнжил гэх үү дээ, Монголоор нь санадаггүй/ 3 том хар цүнхтэй орсон юмдаа. За ингээд тохижож аваад 3-уулаа гараад Хавана гудмыг дагаж алхангаа ажил хайлаа. Нэг хөгжилтэй явдлаасаа хуваалцъя.
Дархаа бид 2 ажил хайж явангаа нэг машин угаагаад зогсож байгаа хүн дээр очлоо. Тэгээд менежэртэй чинь уулзаж болох уу гэсэн чинь урдаас гайхсан харцаар хараад байх юм. Дахиад лавшруулаад асуутал та 2 миний хийж байгаа ажлыг хиймээр байгаа юм уу гэлээ, бид 2 ч тиймээ хиймээр байна л гэлээ. Тэгсэн чинь мань хүн инээгээд би өөрийнхөө машиныг угааж байна гэдэг байгаа. Бантсан гэж...
Тэгсэн маргааш нь ч бил үү, нөгөөдөр нь ч бил үү, Денвер хотод ойрын хэдэн жилдээ ороогүй их хэмжээний цас орж бид 3-ын уйгагүй ажил хайлтыг эцсэлсэн юмдаа.
Ингээд хийх юмгүй болсон гурван залуу бассейнд сэлж, биллъярд тоглохоос өөр ямар ч ажилгүй болж 1 сарын 8ны өдрийг хүлээхээс өөр сонголтүй болсон юм. За тэгээд тэр бүх хугацаанд юу хийж байснаа нэг бүрчлэн бичвэл өнөөдөр бичээд дуусахгүй юм болно. Хамгийн тод санагдаж байгаа зүйл нь бид 3-ын Денверийн хотын төвөөр анх удаагаа алхаж байсан
үе саяхан мэт санагдаж байна. Хүзүүгээ чилтэл өндөр барилгуудыг нь хараад, бичлэг хийгээд зургаа авахуулаад бөөн юм болж байж билээ. Тэр үед л яг Америкт ирсэн сэтгэгдэл төрж байсан шүү. Ууг нь бичлэг зургуудаасаа хуваалцъя гэсэн боловч тэр дурсамжуудаа бүгдийг нь хулгайд алдсан болохоор чадсангүй. За тэгээд тэр хулгайн талаар ярина гэвэл бас нэг өөр түүх гарч ирнэ. Гэх мэтээр бичээд бас байвал дуусахгүй нь...
Өнөөдрийн түүхээ энэ хүргээд өндөрлье. Дараагийн удаа та бүгдэд соёлын шок гэдэг зүйлийн талаар, өөрт тохиолдсон шокнуудаасаа хуваалцах болно.

Эба,


Contact us

You can write me an email to eba_da_mgl@hotmail.com, or if you are in Mongolia, give me a call at 93098811.

Eba,


Alumni Locator

Нэг ийм санаа төрөв:
Та хамтдаа сурч байсан коллежийн найзаасаа холбоо тасарчихаад түүнтэйгээ хэрхэн яаж холбоо тогтооx учираа олохгүй байна уу? Тэгвэл бидэнд тэр асуудлаа даатгачих. Бид таны хайж байгаа найзыг зөвхөн гишүүдэд зориулсан "Alumni Locator"-р олж өгч туслая.

Нууцлалыг бид чанд хадгалах учир хүссэн хүн болгонд тухайн хүний хаяг эсвэл утасны дугаарыг өгөхгүй хэдий ч манай холбооны жинхэнэ гишүүн мөн тохиолдолд танд туслахдаа баяртай байх болно.

Дараах маягтыг бөглөөд явуулна уу.

English version

Монгол хувилбар

/маягт хийгдэж байна.../


Америкт нэг удаа /үргэлжлэл/

Сурна гэдэг амаргүй, тэр тусмаа Америкт эх хэлээрээ бус харь хэл дээр хичээл заалгуулан шинийг мэдэж, сурч авна гэдэг надад лав төсөөлөшгүй байлаа. Харин эхний хичээлүүд дээрээ суугаад хэд хоног яваад ирсэн чинь Монголд сурахаас ч бараг илүү хялбар мөн ойлгомжтой санагдаж эхэлсэн шүү. Тэдний заах арга барил нь их энгийн. Ер нь бол "Practise based", "Visualization" сайтай. Тийм болохоор ойлгоход их амархан. Сонирхолтой жишээ татахад: Мат ороод график энээ тэрээ байгуулж байтал багш нөгөө зурсан графикаа галт уул болгож хараад дээр нь утаа суунаглуулж билээ. За ер нь заах барилын хувьд товчхондоо нэг иймэрхүү. /Цааш нь бодоод байхаар наян юм гарч ирээд байх юм./ Гэхдээ дан ганц заах арга барил чухал биш сурах арга барил бас чухал гэдгийг ойлгох хэрэгтэй. Миний хувьд, Монголын их дээд сургуульд сурч үзээгүй болохоор яг ямар байдгийг сайн мэдэхгүй ч, Американ маягаар сурахад надад их л амар байсан.

Эхний семестэрээ би 3.8 голчтой дүүрэгсэн. Ер нь бол тэнд очсон ихэнх Монголчууд маань сурах гараагаа амжилттай эхлүүлсэн гэж би боддог. Би ууг нь 4.0 голчтой төгсөж болох байсан хэдий ч миний нэг айхтар том дутагдал намайг чирсэн юм даа. Би гэдэг хүн амархан гэж бодсон юмандаа нэг их санаа тавьдаггүй дутагдалтай. Нэг үгээр хэлвэл амархан зүйлийг орхичихдог гэх үү дээ. Өөрөө бодохдоо, энэнийг би ойлгож байна, энэ ойлгомжтой юм чинь ойлгохгүй байгаа хэцүү зүйл дээрээ анхаарлаа төвлрүүлье гэж боддог юм шиг байгаа юм. Тийм болохоор би Матынхаа хичээлээ бараг л хаясан гэх үү дээ. Өглөө бүр 7:40-с ордог хичээл. Ууг нь би ганц ч тасалж байгаагүй л дээ. Даан ч өглөө эрт болохоор хичээл дээрээ унтчихдаг байсан юм. =D. Дээрээс нь өгсөн даалгаврыг нь хийдэггүй байж билээ. Гэхдээ энэ бол муу зуршил, их муу зуршил шүү. Миний та бүгдэд өгөх зөвлөгөө гэвэл "юмыг амархан гэж битгий хая, амархан тусмаа тэр чинь бага багаар нэмэгдсээр байгаад барагдашгүй их юм болдог юм шүү, найзуудаа". Тэгэхээр ер нь бага, хялбар ч бай хийж л бай гэж хэлмээр байна.

Өнөөдөртөө ингээд дуусгая даа. Бие тавгүйрхээд байгаа болохоор ихийг бичиж чадсангүй.

Уучлаарай,
Эба


"Team work" explained



Author

Hey guys,

If you would like to put a post on the blog, just let me know. I will give you the author permission. So you can write and share your own stories.


All contents are provided by GLF Alumni Association ¦ 2010 ©

Back to TOP