Бидэнтэй хамтран ажиллахыг хүсвэл энд дарж холбоо барина уу!

Соёлын шок

Гэрээсээ гараад хот орлоо, гэрээн би саналаа, хотоосоо шууд Америк тив рүү нислээ, эх орноон би саналаа... ингэж л миний түүх эхлэх юм шиг байна. Би Дархан хотын хүү. Дарханд төрж өссөн, бүхий л дурсамжууд минь тэнд. Улаанбаатар гэж их хотын амьдралтай ч танилцаж амжаагүй байж Америк гэх үсрэнгүй хөгжилтэй нийгэмрүү нисэн очсон минь энэ. Их хотын соёлтой танилцалгүйгээр өөр нийгэм, соёлтой танилцана гэдэг миний хувьд их том үсрэлт байсан юм.
Нуулгүй хэлэхэд би Буянт-Ухаагийн нисэх онгоцны буудал дээр очиход л шоконд орж эхэлсэн. Миний бодлоор соёлын шок нь хоёр нийгмийн амьдралын хэв маяг дахь ялгаа болон хүрээлэн буй орчны, өөрөөр хэлвэл эдэлж хэрэглэж буй эд зүйлсийн ялгаанаас бий болж буй гэнэтийн өөрчлөлт, түүнээс улбаалан хүний сэтгэл зүйд нөлөөлөх нөлөөллийг хэлж байна гэж боддог юм. Хэдийгээр миний сэтгэл зүйд нөлөөлж их шалиагүй ч гайхаж балмагдсан үеүүд их байсан шүү.
За тэгээд онгоцны буудал дээр очлоо. Хаалганд нь дөхөөд очтол өөрөө онгойж байсан нь кинон дээрээс харснаас биш биеээр мэдрээгүй үзэгдэл байсан юм. Ингээд л Дарханы хүү юм үзэж нүд тайлж эхэлсэн юмдаа. Цааш орлоо, онгоцны буудал гэж ямар том юм бэ, онгоцнууд нь яасан том юм бэ гэж бодсоор наанаа гаргахгүй ч дотроо бодон бодсоор явсан юм. Шууд нисээд Инчеоны олон улсын нисэх буудал дээр буутал за тэгээд ярих ч юм биш, хүний гараар ийм том зүйлийг яаж бүтээ вэ гэж шууд л шоконд орсон юм. Монголоо голох сэтгэл яг тэр үед гайхсан сэтгэгдэлтэй минь давхцан төрснөө нуух юун.
Тэнд бид бүтэн өдөржингөө онгоцоо хүлээсэн санагдаж байна. Бидний нэг гайхаж хуваалцсан яриа нь 00-н яриа байлаа. Амьдралдаа тийм тансаг 00-д орж үзээгүй хүүхдүүд бүгд их гайхсандаа бусадтайгаа хуваалцсан байх. Бие засчихаад усаа татах гэсэн чинь янз бүрийн кноп энээ тэрээ юм олдсонгүйд жаал эргэлдэж байгаад холдтол өөрөө усаа татсан нь бид хэдийг бүгдийг нь балмагдуулж орхисон хэрэг. За тэгээд тэр том онгоцны буудал дотор элдвийг үзэн явсаар сүүлдээ ядарч дуг хийгээд хийх юмаа олохгүй зураг зураад арай хийж нэг юм онгоцондоо суух цагтайгаа золгосон юмдаа.
Бид онгоцондоо суулаа, оройн хоолны цаг ч болж байсан юм. Оройн хоол гээд үйлчлэгч нь 2,3 сонголтоо хэлснээс аз болж ганц мэддэг нэг гарч ирсэнд баярласандаа тэрнийг нь идсэн юм. Яг одоо ямар хоол байсныг нь санахгүй байна. Ямартай ч амт нь надад таалагдаагүй ч өлсөж байсан болохоор идчихсэн юмдаа.
Шөнөжингөө ниссээр өглөө болоход Америкийн Нэгдсэн Улс дээгүүр нисэж байв. Дээрээс нь харахад энд тэнд дөрвөлжилсөн том талбай, хотруугаа ортол их замбараатай баригдсан байшин, замаа дагасан ногоон мод, цэвэрхэн гудамж талбай харагдаж байлаа.
Лос Анжелс хотын олон улсын нисэх онгоцны буудал дээр буутал бид хэдийн гайхсан гэж. Онгоцны буудал дотроо нэг гарцнаас нөгөөрүүү явахдаа автобусаар явдаг нь тэр онгоцны буудлыг ямар том болохыг нь хэлэх биз. Нэг хөгжилтэй явдал болсон нь манай нэг найз маань зам асуух гээд нэг хүнээс асуутал нөгөөдөх нь зам зааж өгчихөөд хандив хүссэнд мань хүн 20 доллар өгч байж салсан санагдаж байна. За ингэж л Америкт очсон юмдаа.
Тэнд очоод хамгийн түрүүнд нүдэнд туссан юм нь зүлэг, орчны тохижолт. Яг одоо Монголд яригдаад буй нөгөө ландшафт /land scaping/ чинь тэнд утгаараа хийгдчихсэн байдаг байгаа. Ер нь би боддог юм, хэрвээ Улаанбаатар хот маань ландшафтаа сайн хийчихсэн байхад их хотын шороо, утаа мэдэгдэхүйц хэмжээгээр багасна гэж боддог.
Цааш явлаа. Өмнө нь дурьдаж байсан бидний очсон жижиг хот, тэнд нэг сайхан парк байдаг. Үнэхээр гайхалтай. "La Junta City Park" Эндээс паркийн зургыг үзэж болно. Үзэж байхдаа та энэ бүгдийг хүн хийсэн гээд бодоод үзээрэй. Америкчууд адилхан л хүмүүс, Монголчууд ч гэсэн ийм юм хийж чадаж л таараа. Бидний очсон хот хэдий жижиг ч гэлээ холоос харахад хот биш ой гэж харагдахаар тийм их модтой. Тэр бүгдийг мэдээж хүн тарьсан. Бид шөнө ирсэн болохоор их зүйлтэй танилцаж чадаагүй. Харин өглөө нь сэрээд хартал, хашаан дотор хэрэм гүйлдээд, хашааны зүлгийг автомат усжуулалтын системээр усалж байсан нь намайг гайхшруулсан юм. Ингээд л хүрээлэн буй орчны шокноосоо гарч чадалгүй явсаар байсан юмдаа. Алхам тутамдаа шинэ зүйлтэй танилцаж байлаа.
За одоо хүмүүсийн амьдрал ахуйруу нь жоохон өнгийе. Ер нь Америкчууд хувийн байшинд амьдарцгаадаг улс юм байна. Их найрсаг, хөршүүддээ хайртай. Амьдарч буй орчноо хайрладаг, хамгаалдаг. Хогоо энд тэнд хамаагүй хаядаггүй, ер нь их тийм зарчимч шинжтэй юм шиг, гоё ч юм шиг, бас үгүй ч юм шиг их сонин улс.
Миний хамгийн тод санаж байгаа хамгийн эхэнд надад тохиолдсон ахуйн шок гэвэл би байсан айлынхаа гэрийн эзэгтэйтээ дэлгүүр явлаа. Гэтэл манай хүн хэрэмний хоол гээд гудманд явж байгаа өөрт нь огт хамаагүй хэрэмнүүдийг хооллох гээд шуудайтай хоол $50-р худалдан авсан нь намайг бүр ангайлгаж билээ. Төд удалгүй дараахан нь Дархаа бид 2 хувцсаа угаачихаад индүүдэх гэтэл гайхаад, та 2 хувцсаа индүүдэж чаддаг юм уу гэж асуусан нь бид 2-ыг гайхшруулаад, дээрээс нь инээд хүргэж байж билээ. Тэгсэн чинь харин ихэнх Америк эрчүүд хувцсаа индүүддэггүй юм байна л даа, хөөрхий. Ингэж бид 2 ч шоконд орж байсан айлынх маань ч шоконд орсон юмдаа.
Хоолны тал дээр их сонин. Америкчууд хоолондоо чихэрлэг амтлагч их хэрэглэдэг нь эхэндээ идэхэд хэцүү байсан ч сүүлдээ нөгөөдхөөс нь салахын аргагүй тийм гоё амтлаг болдог юм байна лээ. Яг Америк үндэсний хоол гэж байхгүй. За ер нь байлаа гэж бодоход хот дог /hot dog/ л ордог юм шиг байгаа юм. Арга ч үгүй дээ, хүний нутаг булаан эзэмшсэн улс юм хойно олон үндэстний холилдсон хоолнууд ихтэй л орон доо.
Нэг өдөр манай хичээл дээр, Аав ээжийгээ хөгширсөн хойно нь яах вэ гэдэг санал асуулга явууллаа. Гэтэл тэр ангид сууж байсан Монгол Мексик 2 л хөөрхий хажуудаа байлгаж асарч тордоно гэсэн юмдаа. Бусад нь асрамжийн газар аваачиж өгнө гэсэн нь Америк, Монголчуудын хоорондох ахмадаа хүндлэх сэтгэлгээний ялгааг гаргаж өгсөн соёлын хувьд их том хичээл болсон юмдаа.
Энэ мэтээр цааш яриад байвал дуусахгүй нь... Өнөөдөр энэ хүргээд өндөрлье. Соёлын шок гэдэг зүйлийг би ингэж л харсан юм. Гэхдээ энд зөндөө зүйл орхигдсон гэдгийг хэлье. Харин дараа дараагийн удаадаа аажуу тайвуу та бүгдэд сонин хачин болгож тэр бүгдийгээ өгүүлэмц.
Өнөөдрийн бичлэгээ зарим уншигчийн хүсэлтээр илүү урт болгоочээ гэснийг харгалзан үзэж аль болох ихийг бичихийг хичээлээ. Сүүлдээ бас ядардаг юм байна...


Facebook group

Залуусаа бид чинь 39-үүлээ болчихсон байна шүү дээ. "Facebook" групп ашиглан гишүүнээ бүртэгвэл илүү үр дүнтэй мэт санагдлаа. Та бүхэн доорх линкийг ашиглан манай группруу хандаарай.

Та эх орондоо хэрэгтэй байна!


Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэгчээр бид олуулаа болох тусам хүчтэй болж нийгэмдээ үйлчилж чаддаг болно гэсэн үг шүү.


Төмөр барс жил

Монгол түмний минь их баяр цагаан сар болж байна. Өнөөдөр шинийн гурваны өдөр. Цагаан сар дуусдаггүй харин сар хуучирдаг гэж ярьдаг. Миний хувьд хуучрах нь битгий хэл эхлэж л байх шиг байна. Дархан орж гэртээ харин сайхан шинэллээ. Айл хэсэн бууз идэж, цай уусаар ходоодны маань хэмжээ нилээд томорсон шинжтэй зүгээр суухаар бууз идмээр санагдаад байх юм. Гадаадад байгаа найзууддаа хэлэхэд айл хэсэж бууз идэх сайхан байсан шүү гээд нэг гайхуулчихъя. =D

Ингээд найзууддаа ирж буй тийн урвагч хэмээх төмөр барс жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж, юу санасан есөн хүслээ сэтгэгчлэн бүтээхийн өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлэхийн ялдамд сургуулиа амжилттай төгсөөд хийж буй ажилдаа өндрөөс өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.


Америкт нэг удаа /үргэлжлэл/

Өмнө нь бичсэнээ уншаад сууж байтал ерөөсөө амралт гээч юмаа дурьдаагүй байх юм. Энэ удаагийн түүхээ Америкт өнгөрүүлсэн амралтын дурсамжаар бөөндье гэж шийдлээ.
За ер нь бол Америкт очоод л амралт эхэлсэн гэж хэлж болно доо. Бид хэд хичээл эхлэхээс 7 хоногийн өмнө очицгоосон. Бүгд л шоконд орцгоосон, сэтгэл нь хөөрсөн байдалтай байлаа...
Эхний семестер би юугаа ч мэдэхгүй 16 кредит аваад.
Тэгсэн ерөөсөө л 7 хоногийн 4 өдөрт нь хичээлтэй болж хувирав. За бараг л 3 өдөр гэж хэлж болно доо. Учир нь 4 дөх өдөр өглөө 11-с л ганц хичээлтэй байсан юм. Үлдсэн цагт нь Америк гэдэг оронтой жижигхэн хотын төлөөллөөр нь танилцаад, хажуугаар нь нийгмийн ажилд оролцоод, бас зүгээргүй дэлгүүр хэсээд жинхэнэ амралтын газар байгаа юм шиг л байсан даа. Ямар сайндаа анх явсан залуучууд маань хоорондоо ярилцаж сууж байгаад "Pеалити Шоу"-нд оролцож байгаа юм биш биз гэж ярьж байсан санагдаж байна. Хагас бүтэн сайнаар бид бөөнөөрөө парк-д цуглаад хөлбөмбөг тоглонгоо тахиан мах идэж цагийг хөгжилтэй өнгөрөөдөг байлаа.

Ингэж явсаар эхний семестер дуусаж өвлийн амралттай золгов. Би Дархаа, Ёндон гээд 2 найзтайгаа Денвер хотод очиж амарсан юм. Гурвуулаа нэг нэг том цүнх чирчихсэн, хажуугаар нь үүргэвч үүрчихсэн яг нэг жуулчид шиг л явцгааж билээ. Одоо бодоод байхад бид 3 яг юунд найдаж, юу хийнэ гэж Денверийг зорьсоноо одоо хүртэл би бодоод олдоггүй юм. Хамгийн тод санаж байгаа юм нь бид 3 Денверт оччихоод автобусны буудал дээр өдөржингөө сууцгааж байснаа л санаж байна. Тэр өдөр Байка ах ирээгүй байсан бол бид 3 яг яах байсан юм бол бүү мэд. Бид 3 бараг 7 хоног тэднийд байрласан юм. Ээжийнх нь хийсэн хоолыг идээд гэрт нь үнэгүй байрлаад их хүндрүүлсэн дээ. Байка ах тэр үед бүтэн сайн өдөр сүмд явдаг, пастор байлаа. Бид 3 дагаад л явна. Очоод номлол сонсонгоо, Монголчуудтай танилцаад, дуулж хуурдаад, биллъярд тоглож сэтгэлээ баясгаад сайхан монгол хоол идэж ходоодоо баясгаад явдаг байлаа. Эхний очсон өдрөө Байка ах бид 3-г цугласан олонд танилцуулаад бидэнд нэг сар байрлах байр хэрэгтэй байгааг минь дамжуулж өгсөн юм. Нэг их удалгүй бид 3 тусдаа гарлаа. Нэг айлын жижиг өрөөнд ганцхан лаптоптой, 56к хурдтай интернэттэй, 3 sleeping bags-тай /дотор нь ороод унтчихдаг аяны хөнжил гэх үү дээ, Монголоор нь санадаггүй/ 3 том хар цүнхтэй орсон юмдаа. За ингээд тохижож аваад 3-уулаа гараад Хавана гудмыг дагаж алхангаа ажил хайлаа. Нэг хөгжилтэй явдлаасаа хуваалцъя.
Дархаа бид 2 ажил хайж явангаа нэг машин угаагаад зогсож байгаа хүн дээр очлоо. Тэгээд менежэртэй чинь уулзаж болох уу гэсэн чинь урдаас гайхсан харцаар хараад байх юм. Дахиад лавшруулаад асуутал та 2 миний хийж байгаа ажлыг хиймээр байгаа юм уу гэлээ, бид 2 ч тиймээ хиймээр байна л гэлээ. Тэгсэн чинь мань хүн инээгээд би өөрийнхөө машиныг угааж байна гэдэг байгаа. Бантсан гэж...
Тэгсэн маргааш нь ч бил үү, нөгөөдөр нь ч бил үү, Денвер хотод ойрын хэдэн жилдээ ороогүй их хэмжээний цас орж бид 3-ын уйгагүй ажил хайлтыг эцсэлсэн юмдаа.
Ингээд хийх юмгүй болсон гурван залуу бассейнд сэлж, биллъярд тоглохоос өөр ямар ч ажилгүй болж 1 сарын 8ны өдрийг хүлээхээс өөр сонголтүй болсон юм. За тэгээд тэр бүх хугацаанд юу хийж байснаа нэг бүрчлэн бичвэл өнөөдөр бичээд дуусахгүй юм болно. Хамгийн тод санагдаж байгаа зүйл нь бид 3-ын Денверийн хотын төвөөр анх удаагаа алхаж байсан
үе саяхан мэт санагдаж байна. Хүзүүгээ чилтэл өндөр барилгуудыг нь хараад, бичлэг хийгээд зургаа авахуулаад бөөн юм болж байж билээ. Тэр үед л яг Америкт ирсэн сэтгэгдэл төрж байсан шүү. Ууг нь бичлэг зургуудаасаа хуваалцъя гэсэн боловч тэр дурсамжуудаа бүгдийг нь хулгайд алдсан болохоор чадсангүй. За тэгээд тэр хулгайн талаар ярина гэвэл бас нэг өөр түүх гарч ирнэ. Гэх мэтээр бичээд бас байвал дуусахгүй нь...
Өнөөдрийн түүхээ энэ хүргээд өндөрлье. Дараагийн удаа та бүгдэд соёлын шок гэдэг зүйлийн талаар, өөрт тохиолдсон шокнуудаасаа хуваалцах болно.

Эба,


Contact us

You can write me an email to eba_da_mgl@hotmail.com, or if you are in Mongolia, give me a call at 93098811.

Eba,


Alumni Locator

Нэг ийм санаа төрөв:
Та хамтдаа сурч байсан коллежийн найзаасаа холбоо тасарчихаад түүнтэйгээ хэрхэн яаж холбоо тогтооx учираа олохгүй байна уу? Тэгвэл бидэнд тэр асуудлаа даатгачих. Бид таны хайж байгаа найзыг зөвхөн гишүүдэд зориулсан "Alumni Locator"-р олж өгч туслая.

Нууцлалыг бид чанд хадгалах учир хүссэн хүн болгонд тухайн хүний хаяг эсвэл утасны дугаарыг өгөхгүй хэдий ч манай холбооны жинхэнэ гишүүн мөн тохиолдолд танд туслахдаа баяртай байх болно.

Дараах маягтыг бөглөөд явуулна уу.

English version

Монгол хувилбар

/маягт хийгдэж байна.../


Америкт нэг удаа /үргэлжлэл/

Сурна гэдэг амаргүй, тэр тусмаа Америкт эх хэлээрээ бус харь хэл дээр хичээл заалгуулан шинийг мэдэж, сурч авна гэдэг надад лав төсөөлөшгүй байлаа. Харин эхний хичээлүүд дээрээ суугаад хэд хоног яваад ирсэн чинь Монголд сурахаас ч бараг илүү хялбар мөн ойлгомжтой санагдаж эхэлсэн шүү. Тэдний заах арга барил нь их энгийн. Ер нь бол "Practise based", "Visualization" сайтай. Тийм болохоор ойлгоход их амархан. Сонирхолтой жишээ татахад: Мат ороод график энээ тэрээ байгуулж байтал багш нөгөө зурсан графикаа галт уул болгож хараад дээр нь утаа суунаглуулж билээ. За ер нь заах барилын хувьд товчхондоо нэг иймэрхүү. /Цааш нь бодоод байхаар наян юм гарч ирээд байх юм./ Гэхдээ дан ганц заах арга барил чухал биш сурах арга барил бас чухал гэдгийг ойлгох хэрэгтэй. Миний хувьд, Монголын их дээд сургуульд сурч үзээгүй болохоор яг ямар байдгийг сайн мэдэхгүй ч, Американ маягаар сурахад надад их л амар байсан.

Эхний семестэрээ би 3.8 голчтой дүүрэгсэн. Ер нь бол тэнд очсон ихэнх Монголчууд маань сурах гараагаа амжилттай эхлүүлсэн гэж би боддог. Би ууг нь 4.0 голчтой төгсөж болох байсан хэдий ч миний нэг айхтар том дутагдал намайг чирсэн юм даа. Би гэдэг хүн амархан гэж бодсон юмандаа нэг их санаа тавьдаггүй дутагдалтай. Нэг үгээр хэлвэл амархан зүйлийг орхичихдог гэх үү дээ. Өөрөө бодохдоо, энэнийг би ойлгож байна, энэ ойлгомжтой юм чинь ойлгохгүй байгаа хэцүү зүйл дээрээ анхаарлаа төвлрүүлье гэж боддог юм шиг байгаа юм. Тийм болохоор би Матынхаа хичээлээ бараг л хаясан гэх үү дээ. Өглөө бүр 7:40-с ордог хичээл. Ууг нь би ганц ч тасалж байгаагүй л дээ. Даан ч өглөө эрт болохоор хичээл дээрээ унтчихдаг байсан юм. =D. Дээрээс нь өгсөн даалгаврыг нь хийдэггүй байж билээ. Гэхдээ энэ бол муу зуршил, их муу зуршил шүү. Миний та бүгдэд өгөх зөвлөгөө гэвэл "юмыг амархан гэж битгий хая, амархан тусмаа тэр чинь бага багаар нэмэгдсээр байгаад барагдашгүй их юм болдог юм шүү, найзуудаа". Тэгэхээр ер нь бага, хялбар ч бай хийж л бай гэж хэлмээр байна.

Өнөөдөртөө ингээд дуусгая даа. Бие тавгүйрхээд байгаа болохоор ихийг бичиж чадсангүй.

Уучлаарай,
Эба


"Team work" explained



Author

Hey guys,

If you would like to put a post on the blog, just let me know. I will give you the author permission. So you can write and share your own stories.


Update on Application

Greetings,

I am sorry guys, I made the application little bit confusing to download. So I have made a change to the application form. Now you can simply type on it and save it. It will be automatically sent to me. But I still need your photo, so you can send it to my email. BTW, I have one more question. The application is in Mongolian right now, so do you want the English version as well? If yes, leave a comment. I will consider that. ;-)

Eba,


Get involved!

Becoming active in the Alumni Association as a volunteer is a selfless way to give back to the Foundation and a way to reconnect with fellow alumni as well as students. Join other alumni who are working to improve their communities’ volunteer network and see how you can help make a positive difference for the community.

Click on the link below to join us. We will update you on the events.
Join GLFAA

If you would like to get invovled as a true member of GLFAA, you can download the application from the right panel and send it to eba_da_mgl@hotmail.com.


Блог нээсэн учиг

Энэ өдрийн мэнд,

Энэ удаад ер нь яагаад энэхүү блогийг нээх болсон шалтгааныг тайлбарлахаар шийдлээ. Та бүхэн блогийн нэрнээс, "Глобал Удирдагч Сангийн дэргэдэх Төгсөгчдийн Холбоо /ГУСдТX/", яг ямар учиртай эсэхийг гадарлаж байгаа байх.


2006 оноос хойш өнөөдрийг хүртэл Глобал Удирдагч Сангийн шугамаар Монгол оюутнууд гадаадын их дээд сургуулиудад суралцахаар явсаар байгаа билээ. Өнөөдрийн байдлаар нийт явсан оюутнуудын тоог гаргахад 500 хол давж байх юм. Харин, хэн хаана явж байгааг нь хэлэх гэтэл 10 хүнийг ч нэрлэж чадахгүй хэмжээнд л байна. Ингэхэд та хэд маань хаагуур, ямар юмаа хийгээд, яах гээд яваад байна вэ..?

Та анх гэрээгээ яаж хийж байснаа санаж л байгаа байх. Монголдоо эргэж ирнэ гэж бүгд л амлалт авцгаагаад явсан нь мэдээж. Гэтэл одоо усанд шидсэн чулуу мэт бүгд л алга болчихсон байх юм. Хэдий 2006 онд явсан оюутнууд төгсөж амжаагүй байж болох ч, Монголд миний мэдэж байгаагаар 5 оюутан л эргэж ирсэн байх юм. Би та бүгдийг заавал ир гэж шаардаxгүй. Гэхдээ Монголоо гэсэн сэтгэлээ хадгалаачээ гэж гуйж байна.

Тэгэхээр ГУСдТXолбооны маань гол зорилго нь тэр 500 гаруй оюутнуудыг хооронд нь нэгтгэхэд оршиж байгаа юм. Блогийн хувьд гэвэл залуучуудыг уриалан дуудаж, нэг газар цуглуулах тийм орон зайг үүсгэж өгч буй юм. Нэг үгээр хэлвэл бидний цуглах газар http://glfaa.blogspot.com. Тиймээс "Глобал Удирдагч Сан"-ийн шугамаар явсан найзууддаа цааш нь тараа, хэл хүргэ. Найзууд чинь ийм юм хийгээд яваад байна гэдгийг дуулга.

Бүгдээрээ өнөөдөр санал бодлоо хуваалцъя, ярилцъя. Гадаадад сурах ямар байна? Асуудал бэршээл юу байна? Нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгнийхээ төлөө, бид туслъя. Гадаадад очоод юу мэдэж авав, юу сурав? Бусадтайгаа хуваалцацгаая. Холбооны маань зорилго ердөө л энэ.


жич: бичээд сууж байхад зөндөө их юм бодогдлоо. тэгээд нэг амьсгаагаар бүгдийг нь бичих гэсэн чинь "блог нээсэн учиг" биш шал ондоо зүйл болж хувирах гэж байхаар нь болив.

Эба, =D


Америкт нэг удаа

Одоогоос 4 жилийн өмнө буюу 2006 онд анх Глобал Удирдагч Сангийн шугамаар Дикинсон Мужийн их сургуулируу 10-аад оюутан явж, араас нь хэд хэдэн Коллеж, Их дээд сургуулиудруу 100-аад оюутан сурахаар явж билээ.
Миний хувьд, 2006 оны 8 сард Америкийн Колорадо мужийн Ла Хунта /La Junta/ хэмээх нэгэн жижиг хотын Отеро Жуниор Коллеж гэх томоохон сургуульд сурахаар явж билээ. Томоохон гэж хэлж буйн учираа энэхүү бяцхан түүхээ бичих явцдаа тайлбарлая.

Анх онгоцноос буугаад л Америк гэж ямар гайхалтай орон юм бэ гэдгийг мэдэрч эхэлсэн. Бид /25оюутан=20охин+5хөвгүүн, мөн Ламар Коммунити Коллежийн 5 оюутан / бөөөндөө явсан болохоор хүний нутагт тэр тусмаа Лос Анжелсийн Олон Улсын онгоцны буудал дээр төөрч будилалгүй явцгаасан билээ. Харин ганц хоёр хөгжилтэй явдлууд тохиолдсон нь тодхон санагдаж байна. Тэр бүгдийг дараа дараагийн бичлэгүүддээ орууламц.
Ингэж явсаар, онгоцны буудал нь жижгэрсээр Колорадо мужийн Колорадо Спрингсийн онгоцны буудалд буухад аль хэдийнээ харанхуй болсон байв. Биднийг Сургуулийн захирал Жим Ризутто гэргийн хамтаар мөн Салли Хиббс, олон улсын оюутны холбооний захирал, угтаж авсан билээ.
Буудлаас гараад хартал хажуу бөөрөн дээрээ Otero Junior College гэсэн бичигтэй асар том автобус угтсанд гайхснаа юунд нуухав. Цааш автобус хөлөглөн явсаар, хотын гэрэл бүдэгсэж багассаар нэг жижигхэн хотод ирсэн билээ. Тэр нь бидний оюутан ахиугаа өнгөрүүлэх Ла Хунта хэмээх хот байлаа.
Ла Хунта хотын хүн ам нь 10000. Хот маань 1 коллеж, 1 ахлах сургууль, 1 дунд сургууль, 1 бага сургууль, 1 хятад хоолны газар, 1 кино театр гээд л үргэлжилсэн олон 1-үүдтэй жижиг хот боловч маш цэвэрхэн, хүн ард нь соёлтой, найрсаг, цаг агаар нь ч таатай үнэхээр сайхан газар билээ.
Манай коллеж 1200 оюутантай жижиг коллеж хэдий ч сургуулийн Кампусын хувьд бол ярих юм байхгүй үзэсгэлэнтэй. Гэрээс сургууль ортол 15 минут л алхана, гэрээсээ хотын төв хүртлээ бас л 15 минут алхана, хотын парк хүртлээ 10 минут л алхана гэх мэтээр алхаад байвал 2 цагийн дотор хотоо алхаад үзчих тийм л жижигхэн газар.
Гэхдээ жижиг хотод очсондоо миний сэтгэгдэл лав өндөр байсан. Учир нь сатаарах юм байхгүй, хичээлдээ л төвлөрнө. Тиймдээ ч бид бүгд амжилттай сайн суралцсан гэж боддог.
Суралцаж буй хугацаандаа би найзуудтайгаа хамтран хэд хэдэн ажлуудыг сургууль дээрээ явуулснаас томоохон нь Монголын Соёлыг сургуульдаа болон хотынхоо иргэдэд танилцуулах арга хэмжээ байсан билээ. Дөнгөж очингуутлаа л том юм барьж авсан маань бидэнд дараа дараагийн үйл ажиллагааг зохион байгуулахад арвин их туршлага болсон юм. Энэхүү санаагаа бид Глобал Удирдагч Сангийн тэргүүн Отгонбатын Дикинсон Мужийн Их сургуульд сурч байхдаа Монгол Гэр барьж байсан санаанаас авсан юм.
Эхэндээ Монгол Гэр, тэр тусмаа Америкаас, олно гэдэг их хүнд санагдаж билээ. Харин аз болж Цогтсайхан ахын буянаар Денверээс Монгол гэрээ хямдханаар авч ирж сургууль дээрээ барьсан юм. Энэ дашрамд Цогтсайхан ахдаа болон түүний гэр бүлд нь баярлаж явдгаа илэрхийлээд, амьдралд нь аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.
Ингэж миний оюутан ахуй цаг минь эхэлсэн юмдаа. Цааш цаашдаа энэхүү бичлэгээ цуврал маягаар бичье гэж бодлоо. Эс бөгөөс олон зүйл хаягдах шинжтэй санагдлаа.


Үргэлжлэл бий...
Эба,


Энэ өдрийн мэнд

Өнгөрсөн хугацаанд блогоо хэрхэн яаж хөтлөх талаар бодож суусаар байгаад хамаг цагаа авчихлаа. Ингэж их бодохын оронд зүгээр л бичиж сууя гэдэг энгийн атлаа боломжийн бас үр дүнтэй шийдэлд хүрэв.

Мөн би ганцаараа бичээд уйтгартай болох учир та бүхэн надтай хамтран бичилцвэл их таатай байна. Эхний бичлэгээ би өөрийн "Америкт нэг удаа" гэдэг жижигхэн түүхээр эхлье гэж бодлоо. Хэрвээ та бүхэн миний адилаар бусадтайгаа түүхээ хуваалцмаар байгаа бол надруу цахим шуудан илгээж холбоо бариарай.
Эба,
Email: eba_da_mgl@hotmail.com
Cell: 98557151


All contents are provided by GLF Alumni Association ¦ 2010 ©

Back to TOP